Удирдлага
Захирлын мэндчилгээ
Эрхэм харилцагч, хамтран ажилладаг гадаад, дотоодын бизнес түншүүд, хэрэглэгчид та бүхэнд Дөмөг хүнс ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, хамт олон өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Дөмөг хүнс ХХК нь хүнсний аюулгүй байдлыг хангасан, эрүүл, чанар стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, хэрэгцээг хангах, Монгол Улсын эрх бүхий байгууллагын гадаад орнуудтай Мал эмнэлэг, хорио цээрийн асуудлаар байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколыг мөрдөж хорио цээр, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангасан бүтээгдэхүүн экспортлох зорилт тавин ажиллаж байна. Ялангуяа Персийн булангийн орнууд (GCC) руу экспортлох халал мах, махан бүтээгдэхүүнд тавигдах Ислам шашны хатуу шаардлага, олон улсын GSO 2055-1:2015 болон GSO 993:2015 халал стандартыг бид чанд, хатуу мөрдөж ажилладаг болохоо онцлон дурдаж байна.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ангилаа, сортлогоо, савлагаа, экспортын үйл ажиллагааны бүх үе шатанд олон улсын стандартыг чанд мөрдөж байна.
Монгол орны өндөр уул, хөвч хангай, өргөн тал, хээрийн цэлгэр уудам бэлчээрт ургадаг ургамал, өвсний соргогоор хооллож, усны тунгалгийг ууж бойжин торниж, эрүүл өссөн Монгол малын мах дэлхийд хаана ч байхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг Олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт итгэж байна.
Манай компани зөвхөн мах, махан бүтээгдэхүүн төдийгүй дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, бэлтгэн Монгол брэндийг бий болгоход мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна.
Бидтэй хамтран ажилладаг гадаад, дотоодын түншүүдийнхээ итгэлийг алдахгүй, хэрэглэгчдийнхээ хүсэн хүлээж байгаа хэрэгцээг хангахын төлөө манай хамт олон чармайж хичээн ажиллах болно.
Хүндэтгэсэн
Гүйцэтгэх захирал Д.Батжаргал


